“ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

“ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН  ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

САНАЛ АВАХ ТУХАЙ

             Монгол улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Осол гэмтлээс сэргийлэх” хөтөлбөрийн хүрээнд  аймгийн дэд хөтөлбөрийн  төслийг хүргүүлж байна.

              Дэд хөтөлбөрт оруулах саналаа Нийгмийн эрүүл мэндийн төвд цаасаар болон цахимаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  2020 оны 05 дугаар сарын 27-ны дотор ирүүлнэ үү.

“ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН

ТӨСӨЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

       Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн зэрэгцээ 5-29 насны хүүхэд, залуучуудын амь насаа алдах үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. Осол, гэмтэл нь зүрхний шигдээс, амьсгалын замын өвчлөлийн дараа хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа бөгөөд ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд 700 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  онцлон тэмдэглэжээ.

      Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослын улмаас нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлэн осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөж байна.

       Монгол Улсын хүн амын дунд гадны шалтгааны улмаас нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, 2018 оны байдлаар өвчлөлийн 7 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. 2018 онд Монгол улсын хэмжээнд 142665 хүн гэмтэж, 2920  хүн нас барсан байна. Гэмтсэн хүмүүсийн 62.2 хувь нь эрэгтэйчүүд, 37.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд осол, гэмтэлд эмэгтэйчүүдээс 1.6 дахин илүү өртөж байгааг харуулж байна. Осол, гэмтлийн шалтгаант нас  баралтын 79.6 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба 10 000 хүн тутамд ногдох нас баралтын түвшин эмэгтэйчүүдээс 4 дахин их байна.  Осол гэмтлийн шалтгаант нас баралтын 25.9 хувийг 40-49 насныхан эзэлж байна.

      Түлэгдэлтийн шалтгаанаар 6453 хүн тусламж авч 75 хүн нас барсан нь нийт өвчлөлийн 4.9%, нас баралтын 2.9%-ийг эзэлж,  өмнөх онтой харьцуулахад өвчлөл 7.2 хувиар, нас баралт 7.7 хувиар тус тус өссөн байна.

         Осол, гэмтлийн шалтгаант өвчлөлийн 39.1 хувийг унаж бэртэх, 16.5  хувийг амьгүй механик хүчин зүйлд өртөх эзэлж байгаа бол нас баралтын хувьд 28.3 хувийг санамсаргүй хордох, хорт бодист өртөх, 18.1 хувийг зам тээврийн осол эзэлж байна. Нийт осол, гэмтлийн шалтгаант нас баралтын 56.1 хувь нь нийслэлд, 43.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Осол, гэмтлийн байдлыг насны ангиллаар авч үзвэл, бүх насныханд бүх төрлийн уналт 1-р шалтгаан, 0-1 насны хүүхдийн дунд 2-р шалтгаан түлэгдэлт, 5-24 насныханд амьгүй механик зүйлд өртөх, 25-44 насныханд хүчирхийлэл, 45 дээш насныханд зам тээврийн осол зонхилж байна.

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжил, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилттой холбоотой төвлөрөл нь осол, гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна. Монгол Улсад 2018 онд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.9 мянга, автомашины тоо 871.4 мянга болж өмнөх оноос тээврийн хэрэгслийн тоо 70.8 мянга буюу 7.9 хувь, автомашины тоо 56.3 мянга буюу 6.9 хувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч, жилд 45000 орчим осол гарч,17000 хүн гэмтэж, 500 орчим хүн амь насаа алдаж байна. Үүний дотор зам тээврийн ослын улмаас жилд 2000 гаруй хүүхэд гэмтэж, 70 гаруй хүүхэд амь насаа алдаж байна.  Осол, гэмтлийн шалтгаанаар нас барсан 5-9 насны хүүхдийн 50 орчим хувь нь зам тээврийн ослоор нас барсан байна.

  Монгол улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтаараа дээгүүр байранд орж буй манай аймгийн хувьд шалтгааныг бууруулах, хүчирхийллийг таслан зогсооход сум орон нутгийн удирдлага, бусад салбарууд, хамтарсан багийн анхаарлыг хандуулж хамтын ажиллагааг сайжруулах нь чухал.

Дорноговь аймгийн хэмжээнд 2019 онд осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралт нийт өвчлөлийн 9-рт, нийт нас баралтын 1-рт тэргүүлэх шалтгаан болсоор байна. 2019 онд осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн 3376 тохиолдол, нас баралтын 97 тохиолдол бүртгэгдсэн өмнөх онтой харьцуулахад /10 000 хүн амд/ өвчлөл 43 түвшнээр өсч, нас баралт 1.8 түвшнээр буурсан үзүүлэлттэй байна. 0-19 насныхан нь осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн 34.3 хувийг, нас баралтын 9.3 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос өвчлөл 1.4 түвшнээр, нас баралт 0.1 түвшнээр тус тус буурсан байна.

 2019 оны байдлаар осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд 33.7 хувийг бүх төрлийн уналт, 18.2 хувийг хүчирхийлэл, 16.2 хувийг зам тээврийн, 15.8 амьгүй механик зүйлд өртөх, 4.8 хувийг түлэгдэлт эзэлж байна.  Хүйсээр нь авч үзвэл 65.7 хувь нь эрэгтэй, 34.3 хувь нь эмэгтэй байгаа нь 10 000 эрэгтэй хүн амд ногдох өвчлөл 318.7, нас баралтын түвшин 12.1 байгаа нь эмэгтэйчүүдээс өвчлөл 1.9, нас баралт 6.5 дахин их байна. Осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн 28.9 хувь зуны улиралд хамгийн их бүртгэгдсэн байна.

Осол гэмтлийн шалтгаант өвчлөлийг насны ангиллаар авч үзвэл: 0-19, 60 дээш насанд бүх төрлийн уналт, 20-39 насанд хүчирхийлэл, 40-59  насанд зам тээврийн осол тус тус 1-р шалтгаан болж байгаа бол 5 хүртэлх насанд түлэгдэлт, 5-19 насанд амьгүй механик зүйлд, 20-39, 60 дээш насанд зам тээврийн осол, 40-59 насанд амьгүй механик хүчинд өртөх тус тус 2-р шалтгаан болж байна.  

2019 онд аймгийн хэмжээнд осол гэмтлийн  шалтгаант нас баралтын 97 тохиолдол бүртгэгдсэний 25.8 хувь нь Замын-Үүд суманд, 19.6 хувь нь Сайншанд суманд,  10.3 хувь нь Айраг суманд, 8.2 хувь нь Даланжаргалан суманд, 6.2 хувь Өргөн суманд  бүртгэгдсэн.  Осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 36.1 хувийг зам тээврийн осол, 20.6 хувийг амиа хорлох, 18.6 хувийг санамсаргүй хордох, хорт бодист өртөх,6.2 хувийг түлэгдэлт, 5.2 хувь нь байгалийн хүчин зүйлд өртөх шалтгаан давамгайлж байна. Нас баралтын 34.0 хувь  нь 35-44 насныхан,  43.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртсөн байна.

 

Осол гэмтлийн нас баралтын 1-р шалтгаан болж буй зам тээврийн шалтгаант нас баралт  2019 онд 35 тохиолдол бүртгэгдсэнээс 22.8 хувь нь Сайншанд суманд, 17.1 хувь нь Даланжаргалан, Замын Үүд сумдад, 11.4 хувь нь Айраг суманд тус тус хамгийн их бүртгэгдсэн байна. Энэ нь хүн амын нягтшил ихтэй болон засмал замтай холбоотой бөгөөд зам тээврийн ослоор нас барсан иргэдийн 42.9 хувь нь Улаанбаатар хотын болон бусад аймгийн харьяат байсан.

Тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, техник хяналтын үзлэгт хамрагдсан авто машин 2019 онд 12567 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 658 нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч, 2019 онд 161  орчим осол гарсан нь өмнөх оны мөн үеэс 9 ослоор өссөн байна. 2019 оны зам тээврийн шалтгаант 35 нас баралтын 14 /40%/ тохиолдол нь мотоциклын ослын шалтгаант нас баралт хамгийн өндөр байна.

 

Манай аймагт осол гэмтэлд өртөгсдөд үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд сайжирсан боловч хүний нөөцийн хувьд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт Гэмтлийн нарийн мэргэжлийн 4 эмч ажилладаг ба Яаралтай тусламжийн нарийн мэргэжил олгох сургалтад 2 эмч явсан боловч төгсөөд ирээгүй, сумдад мэргэшсэн эмч байхгүй байна.  Яаралтай тусламж үзүүлэх багаж тоног төхөөрөмжийн хангалтын хувьд Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Зүүнбаян зэрэг 6 /46%/ суманд дефибриллятортой, Сайхандулаан сум мониторгүй, бусад сум монитороор хангагдсан байна.

        Иймд хүн амын осол, гэмтлийн шалтгаан, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад  салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, олон нийтийн оролцоог сайжруулан аюулгүй нөхцөл бүрдүүлэх, осол, гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах замаар осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Осол, гэмтлээс сэргийлэх аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

 

2.1. Хөтөлбөрийн зорилго

Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, осол, гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

2.2. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

 

       2.2.1. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, зөв зохистой зан үйлийг төлөвшүүлэх;

       2.2.2. осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын болон иргэд, хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

       2.2.3. осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай болон гэмтлийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг  сайжруулах.

 

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

 

       2.3.1. Хөтөлбөрийг 2020-2022 онд хэрэгжүүлнэ.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

     3.1.1. Үйл ажиллагааны чиглэл 1. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн их хувийг эзэлж байгаа унаж гэмтэх ослын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүн амд зохистой зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр:

          3.1.1.1. хордох, живэх, хөлдөх, гэнэтийн аюул осолд өртөхөөс өөрийгөө хамгаалах чадвар олгох сургалтыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх;

          3.1.1.2. унаж гэмтэх болон бусад эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хүн амд осол, гэмтлээс өөрийгөө хамгаалах чиглэлээр мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;

          3.1.1.3. ахмад настанд зориулсан ахуйн ослоос урьдчилан сэргийлсэн, аюулгүй, ээлтэй орчин бий болгох талаар хийх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулах;

          3.1.1.4. унах, тээглэх, бүдэрч унах, ахуйн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх хамгаалах хэрэгслийн хэрэглээг сурталчлах, шаардлагатай хүмүүст хэрэглүүлж хэвшүүлэх;

          3.1.1.5. нохой болон бусад амьтанд хазуулах, дайралтад өртөх осол гэмтлээс сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулах.

     3.1.2. Үйл ажиллагааны чиглэл 2. Зам тээврийн ослын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцох зөв зан үйлийг иргэдэд төлөвшүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

          3.1.2.1. хамгаалалтын бүс, малгай, хүүхдийн хамгаалах суудлын хэрэглээг хэвшүүлэх талаар жолооч, зорчигчдод зориулсан сургалт, сурталчилгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулах;

          3.1.2.2. замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрмийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах, анхааруулга бүхий төрөл бүрийн зурагт хуудас боловсруулж түгээх;

          3.1.2.3. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зам тээврийн ослоос сэргийлэх талаар урьдчилан сэргийлэх аян, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах;

          3.1.2.4. цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийг хялбарчилсан байдлаар тайлбарлан таниулах мэдээлэл, сурталчилгааг тогтмол хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр богино хэмжээний сурталчилгаа явуулах;

          3.1.2.5. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тэдний насны онцлогт тохируулсан “Ногоон гэрэл-цагаан шугам”, “Замын хөдөлгөөний цагаан толгой” зэрэг уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулах;

          3.1.2.6. бага насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зорилгоор “Гараас гарт дамжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

     3.1.3. Үйл ажиллагааны чиглэл 3. Хүүхдийг осол, гэмтлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшилд сургах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

          3.1.3.1. хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа живэх, унаж гэмтэх, хордох, хөлдөх, хахах, амьсгал боогдох зэрэг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хүүхдэд тогтмол мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөх;

          3.1.3.2. хүүхдийн осол, гэмтлийн эрсдэлт орчинд үнэлгээ хийх, эрсдэлт хүчин зүйлийг арилгахад иргэд, эцэг эх, асран хамгаалагчийг татан оролцуулах, мэдээлэл, зөвлөмж өгөх;

          3.1.3.3. хүүхдийг ахуйн түлэгдлээс хамгаалах түлэгдлийн үед анхны тусламж үзүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

          3.1.3.4. хурдан морины унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүүхэд болон уяач нарт зориулан мэдээлэл, зөвлөгөө өгөх;

          3.1.3.5. хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх талаар албан, албан бус болон зайн сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, тэдгээрийг сургалтад нэвтрүүлэх;

          3.1.3.6. хүн амд болон хүүхдэд зориулсан осол, гэмтлээс сэргийлэх, өөрийгөө эрсдэлээс хамгаалах зөв зан үйл, амьдралын дадал хэвшилд сургах ажилд эцэг эх, асран хамгаалагч болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах;

          3.1.3.7. хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх талаар олон нийтээс гаргасан санал, санаачлалыг дэмжих.

 

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг  хэрэгжүүлнэ:

 

     3.2.1. Үйл ажиллагааны чиглэл 1. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн их хувийг эзэлж байгаа унаж гэмтэх болон бусад төрлийн ослын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр:

          3.2.1.1. унаж гэмтэхээс үүдэлтэй осол, гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох тандалт, судалгааг аймгийн хэмжээнд хийж, гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах;

          3.2.1.2. явган зорчигч, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам, талбай, байшин барилгын шат, гишгүүрийг стандартын шаардлага хангасан материалаар хийх,  гарц, орцны тохижилтыг сайжруулах;

          3.2.1.3. нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчигчийн аюулгүй байдлыг хангах орчин бий болгоход иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог хангах;

          3.2.1.4. ухсан нүх, шуудуу, засварын цооног, худаг орчимд анхааруулах тэмдэг байршуулах, таглаж битүүлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн цас мөсийг цэвэрлэх, гэрэлтүүлэх, камерын хяналтын систем суурилуулах зэргээр аюулгүй нөхцөл бүрдүүлэх ажлыг орон нутгийн бүх шатны байгууллагад хийж хэвшүүлэх

 

     3.2.2. Үйл ажиллагааны чиглэл 2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнд оролцох нөхцөлийг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

           3.2.2.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, камерын тоог нэмэгдүүлэх;

          3.2.2.2. мотоцикл, мопед, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцогчдод стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай өмсөж хэвшүүлэх;

          3.2.2.3. орон нутгийн авто зам, хороолол доторх замд хурд хэтрүүлэх зөрчилд тавих хяналтыг сайжруулах зорилгоор үе шаттайгаар камерын хяналтын систем суурилуулах;

           3.2.2.4. зам тээврийн ослын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох;

           3.2.2.5. нийтийн тээврийн хэрэгсэлд бичлэгийн хар хайрцаг суурилуулах;

           3.2.2.6. замын хөдөлгөөнд оролцогчдоос согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг хэрэглэсэн эсэхийг илрүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах;

           3.2.2.7. тээврийн хэрэгслийн хурдны хяналт, камерын хяналтын систем, хөдөлгөөнт хяналтын цэгийн тоог нэмэгдүүлэх.

 

     3.2.3. Үйл ажиллагааны чиглэл 3. Хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр дараах  үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

          3.2.3.1. хүүхэд осол, гэмтэлд өртсөн тохиолдол бүрт гэм буруутай этгээд, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

           3.2.3.2. хүүхдийн дунд зонхилон тохиолдох осол, гэмтлийн орчны болон эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэх, шалтгаан, нөхцөл, эрсдэлт хүчин зүйлийг тогтоох судалгааг тогтмол хийх, цаашид авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

          3.2.3.3. хүүхдийн тоглоом болон тоглоомын талбайн орчныг стандартын дагуу тохижуулах;

          3.2.3.4. цэцэрлэг, сургуулийн эргэн тойронд аюулгүй нөхцөл бүрдүүлэх асуудлаар стандарт боловсруулах, сургуулийн биеийн тамирын талбай, тоног төхөөрөмж, уралдаан тэмцээний үеийн аюулгүй байдлыг хангах асуудлаар журам батлан мөрдүүлэх;

          3.2.3.5. цэцэрлэг, сургууль, дотуур байранд хяналтын камер суурилуулан, ашиглалтыг сайжруулах асуудлаар журам батлан мөрдүүлэх;

          3.2.3.6. хурдан морины унаач хүүхдийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уралдааны талбайг хянах боломж бүхий хяналтын камерын систем нэвтрүүлэх.

 

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

     3.3.1 Үйл ажиллагааны чиглэл 1. Осол, гэмтлийн үед үзүүлэх анхны болон яаралтай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

          3.3.1.1. осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх сургалтыг ерөнхий боловсролын сургууль, жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрт тусгах, сургагч багш бэлтгэх;

          3.3.1.2. аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, иргэдэд осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх дадлага, сургуулилт хийх;

          3.3.1.3. осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжид зайн оношлогоог ашиглах, орчин үеийн оношилгоо, эмчилгээний менежментийг нэвтрүүлэх;

          3.3.1.4. осол, гэмтлийн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмч, мэргэжилтнийг бэлтгэх, ашиглах тээврийн хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн  хүртээмжийг нэмэгдүүлэх;

          3.3.1.5. ЭМБ-уудын гэмтлийн болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхижуулах сургалт зохион байгуулах;

          3.3.1.6. ЭМБ-уудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, цагдаа, онцгой байдлын ажилтнуудад анхны тусламж үзүүлэх дадлага олгох, сургагч багш бэлтгэх;

          3.3.1.7. эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглох;

          3.3.1.8. осол, гэмтлийн үед анхан шатны тусламж үзүүлэгч эмч, мэргэжилтнүүдийг осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх чиглэлээр чадавхижуулах;

          3.3.1.9. үйлдвэр, нийтийн үйлчилгээний газарт зүрхний хэм жигдрүүлэгч автомат тусгай аппарат (дефибрилятор) суурилуулах.

 

     3.3.2. Үйл ажиллагааны чиглэл 2. Осол, гэмтлийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

           3.3.2.1. аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бий болгох, Гэмтлийн тасаг нэгжийг байгуулах, хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх;

          3.3.2.2. аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг  шаардлагатай тоног төхөөрөмжөөр  хангах, эмч нарын багийг сургах;

          3.3.2.3. гэмтэл согогийн чиглэлээр бага хөнөөлт мэс заслыг хөгжүүлэх, өдрийн эмчилгээг нэвтрүүлэх;

          3.3.2.4. эрүүл мэндийн төвийн эмчийг гэмтэл согогийн чиглэлээр чадавхижуулах;

          3.3.2.5. санамсаргүй хордох, хорт бодист өртөх үед үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр эмч нарыг сургах;

          3.3.2.6. аймгийн хэмжээнд осол, гэмтлийн өвчлөл, нас баралтын байдалд жил бүр тандалт судалгаа хийж дүгнэлт гаргах;

          3.3.2.7. осол, гэмтлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор бүх шатны эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл зүйн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулах

     3.3.3 Үйл ажиллагааны чиглэл 3. Осол, гэмтлийн дараахь үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээг  сайжруулах чиглэлээр:

          3.3.3.1. осол, гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;

          3.3.3.2. гэр бүл, нийгэм, хамт олонд түшиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээг өргөжүүлэх;

          3.3.3.3. гэмтлийн дараах сэргээн засах чиглэлээр мэргэшсэн эмчилгээний  эмч, мэргэжилтэнг сурган дадлагажуулах;

          3.3.3.4. осол, гэмтэлд өртсөн өвчтөн, гэр бүлийн гишүүдэд  сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл засал эмчилгээ хийх боломж бүрдүүлэх.

 

Дөрөв. Хөтөлбөрийн хүрэх үр дүн,  шалгуур үзүүлэлт

 

4.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

      4.1.1. зам тээврийн ослын шалтгааныг арилгах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээр хохирох,  нас барах тохиолдлыг бууруулна.

      4.1.2. сэргийлж болох осол, гэмтлийн шалтгааныг тогтоон хүүхдийн амьдарч, сурах аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг хандлага, хариуцлагыг дээшлүүлснээр хүүхдийн осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулна.

      4.1.3. осол, гэмтэлд орж байгаа шалтгаан, орчны хүчин зүйлд хяналт тавьж, тандалт, судалгаа, үнэлгээ хийж, дүнг иргэд олон нийтэд танилцуулах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

      4.1.4. осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин  боловсронгуй болж, осол, гэмтлээс сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулахад салбар дундын үйл ажиллагааны  уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.

      4.1.5. осол, гэмтлийн үед үзүүлэх анхны болон яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаар осол, гэмтлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болох, хөдөлмөрийн чадвар болон гадаад гоо үзэмж алдах, нас барах тохиолдол буурна.

      4.1.6. осол, гэмтлээс урьдчилан сэргийлснээр эрсдэл багасч, аюулгүй байдал бүрдэж, эрүүл зан үйл төлөвшиж, нийгэмд эерэг дэмжлэгт орчин бий болж, иргэн бүр урт удаан, эрүүл саруул, амар амгалан амьдрах нөхцөл бүрдэнэ.

 

4.2 Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 

      4.2.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөө, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэх бөгөөд 2018 оны мэдээллийг суурь үзүүлэлт болгон ашиглана:

             






Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

     5.1.1. улс, орон нутгийн төсөв;

     5.1.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;

     5.1.3. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив;

     5.1.4. бусад эх үүсвэр.

 

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг аймгийн Эрүүл мэндийн газар хариуцна.

6.2. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, удирдан зохицуулах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.

6.3. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга жил бүр хийнэ. Аймгийн Эрүүл мэндийн газар нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Эрүүл мэндийн яаманд жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор хүргүүлнэ.